2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаа болов.
2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын албан ёсны нээлтийн ажиллагаа болов.
Ковид-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж байгаа энэ цаг үед Бээжин, Хөххот зэрэг бусад газар орноос албаны хүмүүс, зочид төлөөлөгчид Манжуур хотод биечлэн хүрэлцэн ирэх боломжгүй байгаа тул нээлтийг ажиллагааг зөвхөн Манжуур хотын хэмжээнд хязгаарлаж, Манжуур хотын Ардын Засгийн газрын удирдлага болон орон нутгийн төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга хатагтай Ү Ши, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Гадаад хэргийн албаны дарга Ху Фөн, Хянган аймаг орлогч дарга Лю Мин, Хөлөнбуйр аймаг орлогч дарга Ма Юэдун нар цахим хэлбэрээр оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Хятадын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Монгол Улсын зүүн бүсийн аймгууд, ард иргэдийг БНХАУ-ын Зүүн хойд бүс нутаг, ард иргэдтэй хийх харилцаа, солилцоог идэвхжүүлэн хөгжүүлэх зорилгоор Манжуур хотод Консулын газар байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Я.Ганбаатар цар тахлын хүнд бэрхийг туулж байгаа энэ амаргүй цаг үед монголын тал Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг байгуулж, албан ёсны үйл ажиллагааг эхлүүлэх, албан байрны нээлтийг хийхэд туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн БНХАУ-ын Гадаад хэргийн яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Манжуур хотын Ардын Засгийн газар, түүний Гадаад хэргийн албанд талархал илэрхийлэв.
Тус Консулын газрын хариуцсан тойрог болох ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймаг, Манжуур хот болон Монгол, Хятадын хилийн Хавирга-Архашаат,
Өвдөг-Баянхошуу, Сүмбэр-Аршаан боомттой нягт хамтран ажиллах замаар хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн урагшлуулах явдал тус Консулын газрын гол, чухал үүрэг юм. Энэ хүрээнд эдийн засаг, худалдаа, бизнес, соёл, хүмүүнлэгийн олон чиглэл салбарт хамтын ажиллагааны бодит үр дүнд хүрэх замаар орон нутгийн хөгжил цэцэглэлт, ард иргэдийн амьдралд ахиц дэвшилд хүрэхийн төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН МАНЖУУР ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР