images

“ХЭНТИЙ АЙМГИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ-2026” АРГА ХЭМЖЭЭГ БНХАУ-ЫН ӨМӨЗО-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэдээ, мэдээлэл

2026-07-01

46

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод суугаа Монгол Улсын консул Г.Золзаяагийн урилгаар ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Манжуур хотын Ардын Засгийн Газрын Гадаад хэргийн албаны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид Хэнтий аймагт ажиллаж, аймгийн Засаг даргатай албан уулзалт хийлээ.

 Уулзалтаар талууд 2026 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн сурталчлах өдөрлөгийг эдгээр аймаг, хотуудад зохион байгуулахаар тохиролцлоо.

Тус өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

• Хэнтий аймаг болон ӨМӨЗО-ны аялал жуулчлалын салбарын төрийн байгууллагууд, тур оператор компаниуд хамтарсан бизнес уулзалт (B2B);

• Хэнтий аймгийн зочлох үйлчилгээний байгууллагуудын (жуулчны бааз, зочид буудал, ресторан, зоогийн газар зэрэг) танилцуулгыг иргэдэд нээлттэй сурталчлах;

• Үндэсний үйлдвэрлэл, гар урлал, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа;

• Уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн, худалдаа;

• Монгол, Хятадын уран бүтээлчдийн хамтарсан соёл, урлагийн тоглолт;

• Монгол үндэстний өв соёл, зан заншлыг сурталчлах үзүүлбэр

Энэхүү арга хэмжээ нь Хэнтий аймгийн аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, худалдаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдэд шинэ хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.