images

Хэл зохиолын хүрээлэнгээс төрийн албан хаагчдад зориулан гаргасан монгол бичгийн гарын авлага

Мэдээ, мэдээлэл

2025-11-07

34

Хэл зохиолын хүрээлэнгээс төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн гарын авлага гаргажээ. Уг гарын авлагын өмнөх үгэнд  “Монгол бичиг бол Монголын түүх, соёл, мэдлэгийн санг олон үеийн турш өөртөө хадгалж шингээсэн хосгүй үнэт өв.

Монгол хүн бүр үндэсний үнэт зүйл болсон монгол бичгээ эрхэмлэн дээдлэх, ажил алба, төрийн үйл хэрэгтээ хэрэглэж олон зууны туршид уламжилж ирсэн бичиг соёлоо өвлөн хадгалах, уламжлан залгамжлуулах нь ухамсарлавал зохих хариуцлагатай үүрэг юм. Ялангуяа нийтээр үндэснийхээ бичиг үсгээ өргөн дэлгэр хэрэглэхэд төрийн албан хаагчдын үлгэрлэл, манлайлал, үүрэгнөлөө их билээ.2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11.1.2-т “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэндээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан байдаг. 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ыг тус тус хэрэгжүүлсэн. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I, II” хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн VI-IX ангид “Монгол бичиг” хичээлийг судалж, иргэний болон боловсролын баримт бичгийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн үйлдэх, ном, сурах бичиг зохиох, хөрвүүлэх, түүх, соёлын бүтээлийг нийтийн хүртээл болгох зэрэг олон үр дүн гарчээ.

Гэвч “Бүх нийтэд монгол бичгийг сургах, нийтийн хэрэглээний бичиг болгох, хэрэглэх орчин бий болгох” зэрэг зорилтууд хангалтгүй хэрэгжиж ирэв. 2020 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Монгол хэлний тухай хууль”-д зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино.

Төрийн албан хаагчдын эх хэлний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид монгол бичигт шилжихэд монгол бичгийн гарын авлага, дүрмийн хураангуй, толь бичигч ухал хэрэгцээтэй байна. Ийм учраас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн “Монгол хэлний тухай хууль”-д заасан үүргийнхээ хүрээнд МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачидтай хамтран төрийн албан хаагчдад зориулсан энэхүү монгол бичгийн гарын авлага”номыг бэлтгэв.Тус гарын авлагыг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу “Монгол бичгийн гарын авлага”, “Монгол бичиг заах аргын зөвлөмж”-ийг цувралаар бичиж боловсруулсан юм. Үүндээ монгол бичгийн дүрмийн гол онолын ойлголт, тулгуур ухагдахуунууд, практик хэрэглээний дүрмийг хураангуйлан багцалж, бүдүүвч зураг, схем, хүснэгтэд оруулж зүй тогтлыгнь хялбар таньж ашиглах бололцоог хэрэглэгчдэд олгох талыг чухалчлан үзсэний зэрэгцээ ойлголтоо бататгах дадлага ажлыг оруулжээ.

Уг цахим гарын авлагыг эндээс үзэх боломжтой.