Хавирга–Архашаат боомтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хоёр талын уулзалт боллоо
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод суугаа консул Г.Золзаяа Дэд консул Ж.Дашням, Дорнод аймгийн хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга нарын хамтаар Монгол Улсын Хавирга боомт болон БНХАУ-ын Архашаат боомтын чиглэлд хоёр талын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Монголын талаас Дорнод аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн Гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Ариунсувд, ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого,төлөвлөлтийн хэлтсийн Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Б.Урансүх, Дорнод аймаг дахь хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Хилийн цэргийн Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ц.Бат-Эрдэнэ, Хавирга хилийн боомтын шалган нэвтрүүлэх тасгийн дарга дэд хурандаа Ц.Цэндбаяр, Дорнод аймгийн Гаалийн газрын дарга Б.Гэрэлт-Од, Гадаадын иргэн, харъяатын газрын Зүүн бүс дэх газрын дарга Д.Төрхүү нарын бүрэлдүүн, Айлын талаас ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн шинэ барга Баруун хошууны АЗГ-ын Гадаад хэргийн албаны боомт хариуцсан орлогч дарга Гао Юан болон орчуулагч, мэргэжилтэн Цол нар оролцов.
Уг уулзалтаар хоёр улсын хил, гаалийн байгууллагуудын төлөөлөл оролцож, боомтын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцоог түргэвчлэх, тээвэр логистикийн урсгалыг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Мөн хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэх арга замуудыг хамтран тодорхойллоо.




