images

Консул Г.Золзаяа Хянган аймагт ажиллаж, консулын патентаа гардууллаа

Мэдээ, мэдээлэл

2025-07-25

273

       Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяаг 7 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Хянган аймагт ажиллаж, тус аймгийн удирдлагатай хоёр талын уулзалт хийв. Консул Г.Золзаяаг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Хянган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Сунь Шутао хүлээн авч уулзав. Уулзалтад монголын талаас Дэд консул Л.Базарсад, хятадын талаас Хянган аймгийн ЗДТГ-ын орлогч дарга Жао Пөнчи, Хянган аймгийн хотын Ардын  засгийн газрын Захиргаа, гадаад хэргийн албаны дарга, хатагтай Шю Рунхуа, АЗГ-ын Зам, тээврийн товчооны дарга Бай Чанфөн, Соёл, аялал жуулчлал, спортын товчооны дарга Ван Тяньфөн, Худалдаа, боомтын товчооны дарга Лю Хайтао, Рашаан боомтын Гаалийн газрын орлогч дарга Лю Янтао нар байлцав.

          Албан ёсны уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой зарим тодорхой асуудлаар санал солилцов. Тухайлбал, Консул Г.Золзаяа  өөрийг нь энэхүү албанд томилогдож ирсэнтэй нь холбогдуулан Хянган аймгийн удирдлага болон аймгийн Ардын засгийн газрын харьяа байгууллагуудын удирдлагууд хамтдаа хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлж, хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар улам бүр хөгжүүлэхэд Консулын газрын зүгээс идэвхтэй ажиллах болно гэдгийг дурдаад, жил бүр хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, нийгэм, эдийн засгийн бүх салбарт бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр талын харилцаанд орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдгийг онцлон тэмдэглэв. 

           Консул Г.Золзаяа Манжуур дахь Консулын газрын үндсэн чиг үүрэг болох хоёр талын орон нутгийн харилцаа хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ялангуяа Монгол Улсын зүүн бүсийн гурван аймаг /Дорнод, Хэнтий, Сүхбаатар/  ӨМӨЗО-ны зүүн хойд бүс нутаг Хянган аймагтай шууд харилцаж хамтран ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар монголын талаас дараах ажил хэргийн саналуудыг тавив. Үүнд:

  • Хянган аймагтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан дэвшүүлсэн “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд боломжийг судалж,  хамтран хэрэгжүүлэх.
  • Орон нутаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын уулзалт, айлчлалыг тогтмол зохион байгуулах.
  • Хянган аймагтай хамтран хилийн боомтыг түшиглэн чөлөөт худалдааны төв болон бүс байгуулах асуудлыг судлах.  
  • Рашаан боомтоор 8-аас доош суудалтай авто машин хил нэвтрэх журмыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх.
  • Боомтод 2 дахь гүүр барих, Сүмбэр боомтоос Халх гол сум хүртэлх 85 км авто зам барих төслийг эхлүүлэхэд хамтран түлхэц үзүүлэх зэрэг болно.

         Хянган аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Сунь Шутао Консул Г.Золзаяаг энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдон ирсэнд баяр хүргээд, бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Хянган аймгийн зүгээс монголын талтай үндсэн 3 чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлов. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах, мод үржүүлэг, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хилийн худалдааг өргөжүүлж, хилээр нэвтрүүлж буй барааны нэр төрлийг нэмэгдүүлэх боломж нөхцөл аль аль талдаа бүрэн байна гэж хэлэв. Үүнтэй холбогдуулан айлын талаас дараах 5 салбар, чиглэлээр хамтран ажиллах саналуудыг тавив. Үүнд:

  • Боомтын дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд монголын талын Сүмбэр боомтоос Дорнод аймгийн Халх гол сум хүртэлх 85 км авто зам барих төслийг яаралтай хамтран хэрэгжүүлэх.
  • Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах ажлын хүрээнд хил орчмын аяллыг хөгжүүлэх, Монголын талаас хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлж эхлэх.
  • Хилийн худалдааг өргөжүүлэх, монголоос ноолуур, ноолууран бүтээгдэхүүн импортоор оруулахад дэмжлэг үзүүлэх.
  • Хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, урлаг, соёлын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мөн хоёр талын иргэд, байгууллагуудыг өргөнөөр оролцуулахад хамтран ажиллах.
  • Боомтоор нэвтрүүлж буй барааны нэр төрлийг нэмэгдүүлэх. Монголын талаас хадлан тэжээл, мах, ноолууран бүтээгдэхүүн импортоор оруулах боломжтой бол хятадын талаас тус боомтоор модны суулгац болон монголын талд шаардлагатай бусад бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой гэж үзэж байна.

         Уулзалтын төгсгөлд Консул Г.Золзаяа өөрийг нь Монгол Улсаас Манжуур хотод суух Консулаар томилсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн албан захидал болон БНХАУ-ын ГХЯ-наас олгосон Консулын патентын хувийг Хянган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Сунь Шутао-д гардуулав.