КОНСУЛ Г.ЗОЛЗАЯА ХӨЛӨНБУЙР ХОТЫН НАМЫН ХОРООНЫ ДАРГА ВАН ВАНШӨНД КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛЛАА
Хөлөнбуйр хотын Намын хорооны дарга, ноён Ван Ваншөн Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суух Консул Г.Золзаяаг үүрэг ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Хөлөнбуйр хотын дарга Зи Юнгань, Хөлөнбуйр хотын Ардын засгийн газрын Гадаад хэргийн албаны дарга, хатагтай Хайраа нар хүндэтгэлийн оройн зоог барив.
Консул Г.Золзаяа өөрийг нь энэхүү албанд томилогдож ирсэнтэй нь холбогдуулан хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө хичээж ажиллах,Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод Үндэсний хөтөлбөр , Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус орон нутагтай хамтын ажиллагааг өргөжүүлэх ,Тус улстай холбогдож буй Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг боомтуудын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Консулын газрын үндсэн чиг үүргийн дагуу хоёр талын иргэд, аж ахуйн нэгжид шаардлагатай үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, Хөлөнбуйр хотын Ардын засгийн газар болон түүний харьяа байгууллагатай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Хөлөнбуйр хотын Намын хорооны дарга Ван Ваншөн Консул Г.Золзаяад энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдон ирсэнд баяр хүргээд, өмнөх Консул Я.Ганбаатартай хамтран ажиллаж байсны нэгэн адил бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв. Мөн өмнө хийгдэж байсан соёл боловсрол, хил боомт, байгаль орчны хамгаалах чиглэлээр, тухайлбал, Боомтын хамтын ажиллагаа "Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хоёр талын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.
Консул Г.Золзаяа өөрийг нь Монгол Улсаас Манжуур хотод суух Консулаар томилсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн албан захидал болон БНХАУ-ын ГХЯ-наас олгосон Консулын патентын хувийг Хөлөнбуйр хотын Намын хорооны дарга Ван Ваншөнд гардуулав.