КОНСУЛ Г.ЗОЛЗАЯА МАНЖУУР ХОТЫН НАМЫН ХОРООНЫ ДАРГА ҮЙ ВЭЙДУНД КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛАВ
Манжуур хотын намын хорооны дарга ноён Үй Вэйдун Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суух Консул Г.Золзаяаг үүрэг ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэлийн үдийн зоог барив.
Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Консул Г.Золзаяа уул уусаараа холбогдсон мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа жил ирэх тутам өргөжин тэлж, хоёр талын иргэд чөлөөтэй харилцан зорчиж, орон нутгийн харилцаа бүх салбар чиглэлд амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, ялангуяа орон нутаг хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний бүрэлдэхүүн хэсэг болох “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв. Тухайлбал, тус Консулын тойрогт хамаарах Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Аршаант боомтуудыг Манжуур боомтын туршлага, техник эдийн засгийн туслалцаа, дэмжлэг авах, зүүн бүсийн 3-н аймаг /Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд/ ӨМӨЗО-ны зүүн хойд бүс нутаг Хөлөнбуйр хот, Манжуур хот, Хянган аймагтай шууд харилцаж хамтран ажиллахад онцлон анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн хүмүүнлэгийн салбарын харилцааг дэмжиж ажиллах, урлаг, соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулах саналуудыг тавьж, Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт өртсөн малчин айл өрхөд Манжуур хотын Улаан загалмай нийгэмлэгээс эд материалын тусламж үзүүлсэн явдалд ГХ-ны сайд Б.Батцэцэгээс тусгайлан хүргэсэн талархалыг уламжлав.

Манжуур хотын намын хорооны дарга Үй Вэйдун Консул Г.Золзаяаг Монгол Улсаас Манжуур хотод суух Консулын нэр хүндтэй албанд томилогдсонд баяр хүргэж, түүний ажиллах хугацаанд Манжуур хотын Ардын засгийн газрын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Консул Г.Золзаяа өөрийг нь Монгол Улсаас Манжуур хотод суух Консулаар томилсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн албан захидал болон БНХАУ-ын ГХЯ-наас олгосон Консулын патентын хувийг Манжуур хотын Намын хорооны дарга Үй Вэйдунд гардуулав.
МАНЖУУР ДАХЬ КОНСУЛЫН ГАЗАР