МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН МАНЖУУР ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАРТ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭГДЛЭЭ
Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газарт нээлээ.
Тус Консулын газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр сурч, ажиллаж, амьдарч буй 40 гаруй Монгол Улсын иргэн “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.
Сүүлийн жилүүдэд Манжуур хотод ирэх монгол аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд тус КГ-ын хамаарах тойргоос Монгол Улсыг зорьсон аялагч, ажил хэргийн хүмүүсийн тоо хэдэн мянгаар тоологдох болсон.
Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 14 дэх улсын 20 дахь цэг болж байна.