МЭНДЧИЛГЭЭ
2022-11-18
Монгол Улсаа БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консулын газрын цахим хуудсыг тольдож байгаа Эрхэм нөхөд өө,
Та бүхний энэ цаг мөчийн амар амгаланг айлтган мэндчилье.
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Манжуур хотод Монгол Улсын Консулын газар 2020 оны 10 дугаар сард нээгдэн үйл ажиллагаа явуулж ирлээ.
Өнөөдөр Монгол Улс-БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй урагшлан хөгжиж, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон талт харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн өргөжиж байна.
Энэ үндсэн дээр хоёр улсын орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа ч идэвхжин гүнзгийрч байгаагийн нэг жишээ нь Манжуур хотод Монгол Улсын Консулын газар байгуулагдсан явдал мөн.
Уул усаар холбогдож олон мянган километр урт хилээр хаяа нийлэн оршдог манай хоёр улсын орон нутгийн ард иргэд сүүлийн жилүүдэд идэвхтэй харилцаж, бие биедээ аялан жуулжилж, харилцан хөрөнгө оруулж хамтран ажиллах болсон нь сайшаалтай.
Тус Консулын газар байгуулагдсанаар Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн хэсэг, түүнчлэн Зүүн хойд Хятадын гурван мужийн ард иргэдийн хооронд шууд харилцах таатай боломж нээгдэж байна.
Сүүлийн жилүүдэд Манжуур хот нь Монгол-Хятадын, түүнчлэн Монгол-Хятад-Орос гурван улсын хамтын ажиллагааны нэг чухал талбар болж, худалдаа-эдийн засаг, соёл хүмүүнлэг, аялал жуулчлалын болон иргэд солилцооны салбарт олон төрлийн баялаг үйл ажиллагаа, арга хэмжээ тогтмол зохион явуулж ирсэн билээ.
Нэгэнт тогтсон энэ сайхан уламжлалд тулгуурлан цаашид хоёр талын, гурван улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх замаар улс түмний найрамдал, нөхөрлөл, харилцан ашигтай хамтын ажиллагаанд улам их хувь нэмэр оруулахын төлөө манай Консулын газар, түүний хамт олон хичээнгүйлэн зүтгэх болно.
Манай Консулын газар Та бүхэнтэй үргэлж хамт байж, хамтран ажиллахдаа баяртай байх болно,
Монгол Улсаас БНХАУ-ын Манжуур хотод суугаа Консул
Ядмаагийн Ганбаатар.